Нэг: Энэтхэг дэх Монголчуудын ул мөр
1526 оны эхээр нэг түм гаруй монголчууд Бабаар хааныхаа тугын дор байлдан дагуулагч болон Энэтхэг оронд очжээ. Тэдгээр цөөн монголчууд Энэтхэг орныг нэгтгэн 300 жилийн турш эзэгнэн захирахдаа сэтгэл хөдлөм адал явдлаар дүүрэн, баатарлаг ер бусын баялаг түүхийг Энэтхэгийн төдийгүй дэлхий дахины түүхнээ үлдээсэн байна.
Тэд бол Чингис хааны хоёрдугаар хүү Цагаадай болон түүнийг дагаж Дундад Азид очин XIII – XVI зуунуудад оршин тогтносон Цагаадайн улсын гол цөм болж байсан Барлас, Жалайр зэрэг овог удмын монголчууд байсан ба уугуул эх нутгаасаа олон үеийн туршид хөндийрсэн шигээ, эх хэл, соёлоосоо ч нэлээн хөндийрөн, лалын номд орж, соёлыг нь дагаж, түрэг-монгол хэлний өвөрмөц хольц хэлээр ярилцдаг байсан хэдий ч монгол эрч хүч, чадвараа алдаагүй, хадгалсаар ирсэн хүмүүс байжээ.
Тэдний эр зориг хийгээд эрдэм чадвар нь, ховор нандин хайр сэтгэл хийгээд авьяас билэг төгөлдөр зан чанар нь, тэр ч бүү хэл гуниг харуусал, зовлон энэлэл нь өдгөө сонссоныг соотойлгож, үзсэнийг гайхашруулсан тийм давтагдашгүй уран гоёмсог хот балгад, цайз хэрэм, сүм дуган, бунхан цамхаг болон сүндэрлэж, тэдний түүх гантиг чулуунд товойтол сийлэгдэн, түүх судар, уран зурагт тодоос тод дурайн, үлгэр домогт мөнхөрсөн байх юм. Тэдний энэтхэгийн хойг дээр байгуулсан Их Монгол (Great Mughal) гүрний ул мөрийг уудам дэлгэр Энэтхэг орны өнцөг булан бүрээс, энэтхэгчүүдийн соёл, ялангуяа уран барилга, уран зургаас, тэр ч бүү хэл зан заншлаас ч өдгөө ив илхэн харж болно. Энэтхэгийн Их Монгол гүрэн хүчирхэгээрээ өрнө, дорнодод гайхуулж, дэлхийн хамгийн баян, тансаг орон хэмээн шуугиулж, Өрнөдийн олз хайгчид, адал явдлын эрэлчид, аялагчид, худалдаачид, шашныхан, хаад ноёдын анхаарлыг соронзон мэт татаж байжээ. Түүх шаштир хийгээд гантиг чулуунаа шингэж үлдсэн тэрхүү алдар цууных нь цуурайг өнөөдөр Энэтхэгт очсон хэн бүхэн сонсож байнам билээ.
Өдгөө Делид ирсэн жуулчин Энэтхэг дэх Их Монгол гүрний хаадын бариулж босгосон 20 000 хүн нэгэн зэрэг мөргөх багтаамжтай алдарт Жама Масжид сүмээр орохгүйгээр, Ямуна мөрний эрэг даган сүндэрлэх Улаан Цайз үзэхгүйгээр, Хумаан хааны бунхан болон түүний цайз, хэрмүүдэд зочлохгүйгээр, Монгол цэцэрлэгт саатахгүйгээр явах нь ховор. Делигээс 200-аадхан км-т байх Таж Махал, түүний ойролцоо Агра цайз, Акбар хааны бунханаар орохгүй өнгөрөх нь бараг л үгүй болов уу. Таж Махал нь өдгөө Энэтхэгийн билгэ тэмдэг төдийгүй хүн төрөлхтний гайхамшигт нэгэн бахархал болжээ.
Энэтхэгчүүд Их Монголчуудыг улс орныг нь эзлэн түрэмгийлэгчид бус, харин тэтгэн дэгжүүлэгч гэж үздэг нь дийлэнх байх юм. Энэтхэгийн дундад зууны тухай өгүүлсэн захын түүхийн ном сөхөөд харахад л “Их Монголчууд нь энэтхэгийн түүхийг бүрэн өөрчилсөн юм” гэсэн байхыг үзэж болно. Ерөөсөө Энэтхэгийн дундад зууны сүүл хагасын түүх бол бүхэлдээ Их Монголын түүх аж.
Их Монгол уран барилга, Их Монгол уран зураг, гар урлал, зэр зэвсэг, мөн монгол загварын цэцэрлэг нь асар баялаг түүх, соёлтой Энэтхэг орны нэгэн бахархалд зүй ёсоор ордог юм байна. Гэхдээ энд нэг зүйлийг гойд анхаарах нь зүйтэй санагдана. Энэтхэг дэх Их Монголчуудын нэртэй бүхэн уугуул монголчуудын язгуур өв соёлийн хэлтэрхий гэж ойлгож огт боломгүй. Тухайлбал Энэтхэгийн Их Монголын уран зургийн арга барил бидний мэддэг хавтгай орон зайд дүрсэлдэг монгол уран зургаас ихээхэн өөр, Персийн уламжлалд илүү ойрхон, өвөрмөц юм.
Энэтхэгийн Их Монголчуудын үлдээсэн өвд язгуур монголын шинж чанар нэн ховор бөгөөд Төв Ази, эртний соёлт Перс, Энэтхэгийн соёлын өвөрмөц хослол болон хөгжсөн бүс нутгийн шинжтэй энэ соёл нь зөвхөн монгол удмынхан хөгжүүлэн дэвжүүлсэн гэдэг чухам ганц сэжмээр л бидэнтэй холбогдох болов уу. Гэвч нарийвчлан судлах аваас хэлхээ холбоотой зүйл бас гарахийг үгүйсгэх ч аргагүй. Үүнийг тусгайлан судалсан нь өнөө манай улсад үгүй бөгөөд шинэ залуу судлаачдын хувьд анхаарвал зохих зүйлсийн нэг гэлтэй.
Энэтхэг улсад монголчуудын үлдээсэн өвийг товчхон тоймловол…

Нэгдмэл улс орон
Монголчууд Энэтхэг оронд шинэ соёл, эрч хүч төдийгүй улс үндэстэнд хамгийн чухал зүйл болох нэгдмэл байдлыг авчирчээ. Яг л мөнхийн хөрш, бас мөнхийн дайсан-нөхөр Оросууд, Хятадуудыг нэгтгэн, нэгэн улс гэр болгон төвхнүүлж, өнөөгийн хүчирхэгжлийнх нь эх үндсийг тавьж өгсөн шиг…
1520-иод онд анх аль ч талаасаа цэвэр цусны монгол хүн болох Бабаар хааныг монгол, түрэг холилдсон ганц түмт гаруйхан цэргээ дагуулан ирж байх үед өнөөгийн Энэтхэгийн газар нутагт 17 орчим жижиг хант улс байжээ. Монголчууд гурван зууны дараа Английн колончлогчдод нэгдмэл цул Энэтхэг орныг хүлээлгэн өгсөн байна. Гэхдээ бүр өнөөгийн Пакистан бүхэлдээ, Афганы талтай нь.
Монголчуудын чадварлаг удирдлагын дор ямагт харшилдаж, тэмцэлдэж байдаг лал хийгээд хинду шашныхан, шашны бусад олон урсгалууд зохицон оршиж, адил тэгш эрхтэйгээр нэгэн захиргаанд орж, улмаар шинэ нэгдмэл Энэтхэг орон цогцлон бүрджээ.

Монголын үеийн нийгмийн дэвшил
Монголчуудын удирдлаган дор Энэтхэгийн нийгэм, эдийн засаг эрчимтэй хөгжжээ. Муж хоорондын төдийгүй Перс, Турк, Дундад Азийн орнуудтай холбосон зам харилцааны шинэ систем үүсч, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болж, газар тариалангийн услалтийн шинэ системийг үр ашигтай ашиглан, нэхмэл болон төмөр эдлэлийн үйлдвэрлэл огцом өсчээ.
Энэтхэгийн олон үндэстэн, янз бүрийн анги давхаргуудын ялгаа заагийг нарийн тусгасан татварын нэлээд өвөрмөц системийг Монголчууд боловсруулан ашиглаж байжээ.
Ялангуяа худалдаа арилжаа урьд байгаагүйгээр үсрэнгүй хөгжиж, Перс, Турк, Дундад Азийн орнуудтай өргөн худалдаа арилжаа хийх болсон байна. Усан замын тээвэр хөгжсөнөөр Араб, Африк, Хятадтай төдийгүй Португал, Англи зэрэг европын олон орнуудтай худалдаа хийх болжээ.
Монголчуудын удирдлаган дор цэрэг болон дайн, батлан хамгаалалтын голдуу олон хот, дүүрэг шинээр баригдсан байна.
Бүх мужид дунд сургууль байгуулагдаж, хүүхэд багачуудад Коран судар, Лалын шашны ёс зүй, хууль журмыг нутаг нутгийнх нь хэлээр заах болсон нь хожим Өмнөд Ази дахь лалын шашны хүчирхэг нийгэмлэгийг бий болгожээ.
Энэтхэг орны хүн ам XVI зууны төгсгөл орчимд 140 орчим сая байсан бол XVIII зууны дунд үед 200 сая болжээ. Акбар хааны үед 120 томоохон хот, 3200 тосгон, суурин байжээ. Гэхдээ Зүүн Энэтхэгийг оролцуулахгүйгээр шүү. Агра хотын хүн ам 600 000 хүрч байсан бол Дели нь тухайн үеийн Европын хамгийн том хотод тооцогдож байсан Парисаас хүн амаар хол давж, Лахорыг жуулчин Горят “Энэ дэлхийн хамгийн том хот” хэмээн шагшрин бичиж байжээ.
Ихэс дээдсийн амьдралын үлэмж тансаг байдал, орд харш, гоёл чимэглэл нь Европынхныг нүдийг бүлтийлгэн байж…

Их Монгол уран барилга /Mughal architecture/
Их Монгол уран барилгын хэв маяг нь Перс, Энэтхэгийн архитектурын өвөрмөц хослол болон XVI, XVII зууны үед Энэтхэг, Пакистан, Бангладешт үүсч хөгжжээ. Дотроо бас хэд хэдэн хэв загварт хуваагддаг юм байна.
Монголчуудын хаанчлалын эрин үеийн эхэнд Их Монгол хийцийн маш олон уран барилга боссоны хамгийн тод төлөөлөл нь өдгөө дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махал юм. Өдгөө Таж Махалыг жилд 2.6 сая орчим жуулчид үзэж сонирхдог гэнэ. Зөвхөн Таж Махал-ын дотоод хэрэм рүү ороход гадны нэг жуулчин 750 рупий, Энэтхэгчүүд 50 рупий төлдөг байна.
Дели, Аурангабад, Агра, Жайпур, Лахор, Кабул, Шейкхудура зэрэг Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладешийн олон хот, нутгуудад Их Монгол хийцийн уран барилгууд, цайз цамхагууд, бунханууд байдаг гэнэ.
Тэдгээрээс Таж Махал, Хумаан хааны бунхан, Фатепур Сикри, Улаан цайз, Агра цайз, Пакистан дахь Лахор цайз зэрэг нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын үнэт өвд бүртгэгджээ. Өнөөдрийн Энэтхэг, Пакистан, Бангладеш, Афганистаны уран барилгад Их Монголын уран барилгын үр нөлөө хүчтэй байдаг аж.

Их Монголын уран зураг – Mughal painting
Энэтхэгт ирсэн монголчуудын үлдээсэн бас нэгэн томоохон ул мөр нь уран зураг юм. Хумаан хаан нэгэн үе хаан ширээгээ алдаж, хөөгдөж туугдан Перс нутгаар хэрэн хэсүүчилж яваад буцаж Энэтхэгт ирэхдээ хоёр перс зураачийг авчирчээ. Ингээд перс уран зургийн арга стил дээр тулгуурлан Их Монгол гүрний үед цоо шинэ уран зургийн дэг үүсч хөгжсөнийг өнөөдөр Их Монголын уран зураг (Mughal painting) гэх аж. Энд энэтхэгийн уламжлалт уран зургаас гадна бурхны шашны уран зургийн онцлог шинжүүд ч туссан байна. Номын чимэг зураг их хөгжжээ. Уран бүтээлийн арвин их өв байдгаас зөвхөн Акбар хааны үед бүтээгдсэн 1400 гаруй томоохон зураг байдаг гэнэ. Их Монгол уран зурагт хөрөг зураг, ихсийн ордны баян баян тансагийг харуулсан, мөн зэрлэг ан амьтад, ан агналт, дайн тулааны гэх олон сэдвийг хамардаг ажээ. Акбар, Жахингар, Шах Жахан хааны үед хөгжлийн оргилдоо хүрч байжээ. Ялангуяа уран зурагт ихэд дуртай Жахингар хааны үед европын тосон будгийн арга барил нэвтэрснээр зурах арга барил улам баяжжээ. Их Монголын уран зургийн уламжлалийг өнөөдөр Ражастаны зураачид түгээмэл хэрэглэдэг байна

Шинэ хэл
Их Монголын эрин үед бий болсон цоо шинэ үзэгдэл болох Хиндү, Лалын соёлын эвсэл нийлэмжийн үр дүнд Хиндү хэл дээр суурилсан Перс, Араб болон Цагаадайн хэлнүүдийн өвөрмөц хольц УРДУ хэл үүсэн хөгжжээ. Хэдийгээр Урду хэлний үйлт нэр, туслах үйл үг голдуу өргөн хэрэглээний үгс нь Хиндү үгс дээр суурилдаг ч энэ хоёр хэлийг хоёр тусдаа хэлний систем гэж үздэг байна.

Шинжлэх ухаан, технологи
Одон орон судлал. 16-17 дугаар зуунд Энэтхэг дэх Их Монголчууд Арабын болон Энэтхэгийн одон орон судлалын тухайн үеийн ололт, дэвшлийг баяжуулан хөгжүүлжээ. Их Монголчуудын анхны хаан Бабаар дарьт бууг Энэтхэгт оруулж ирсэн бол хоёр дахь үеийн хаан Хумаан нь олон талын эрдэмтэй сайн шинжлэн судлаач, одон оронч байсан ба Дэлид одон орон судлалын төв бариулжээ. Тав дахь хаан Шах Жаханы үед одон орон судлал ихэд хөгжин, хаан өөрөө ч одон орон судлалын олон багаж төхөөрөмжүүдийг зохион бүтээсэн гэнэ. Хүн төрөлхтний бүтээсэн одон орон судлалын гайхамшигт багаж төхөөрөмжүүдийн нэг болох ямар ч гагнаас, зүйдэлгүй хийсэн дэлхийн бөмбөрцөгийг Их Монголын үед бүтээжээ.
Технологи. Их Монголын Акбар хааны зарлигаар 1582 онд Перс-Энэтхэгийн зохион бүтээгч-инженер Фатулла Шираз оньст их буу болон хамгийн анхны гар бууг зохион бүтээжээ. Ингэхдээ тэрбээр эртний монголд өргөн хэрэглэдэг байсан харвагч саалийн оньсыг боловсронгуй болгох замаар буудагчийн механизмыг хийсэн байна. Энэ мэтээр дарьт их, бага бууг бүтээж, армийн зэвсэглэл болон бусад салбарт хэрэглэж байсан нь технологийн хувьд европчуудын өмнө гишгэсэн явдал байв. Металь цлиндр голтой артиллерийн пуужинг Английн түрэмгийлэгчдийн эсрэг амжилттай ашиглаж байжээ.
Мөн Акбар хааны үед анхны угсармал сууц бүтээсэн гэх ба монгол үхэр тэрэгт гэрийн суурь бүтцэд суурилж хөдөлгөөнт сууц ч бүтээж байжээ.
Дээрх дурдсан зүйдэл, гагнаасгүй бөмбөрцөгийг бүтээсэн нь металлургит өнөөг хүртэл оньсого хэвээр байгаа юм. Нэн сүүл үеийн шинжлэх ухаан, технологийн ололтийн хүчинд залгаасгүй металь бөмбөрцөгийг хийх аргыг дөнгөж 1980 онд л олсон байна. Энэхүү орчин үеийн шинжлэх ухааны ололтийг ашиглахгүйгээр залгаасгүй металь бөмбөрцөг хийх өөр ямар ч боломжийг эрдэмтэд олж чадахгүй байгаа ба Энэтхэгийн Их Монголын үеийн металлургийн технологийн хөгжлийн түвшин нь даруй 1980 оныхтой эн зэрэгцээ түвшинд байсан гэдэгт олон эрдэмтэд эргэлзсээр байдаг ажээ. Юутай ч Их Монголын металлургчид нь залгаасгүй бөмбөрцөг бүтээх аргын анхдагчид болсон байна.

Их Монгол цэцэрлэгт хүрээлэн /Mughal garden/
Делийн төвд, Энэтхэгийн төрийн ордны ард байрлах уран барилга, байгал эхийн яруу сайхан хослол болсон Их Монгол цэцэрлэгт хүрээлэн нь /Mughal garden/ тухайн үеийнхний гоо зүйн таашаал мэдрэмж ямар өндөр түвшинд байсныг илэрхийлнэ. Хэдэн га газрыг хамарсан энэ цэцэрлэгт хэдэн зуун нэр төрлийн цэцэгс уран гоо дүрс, өнгө үзэмжээ гайхуулах ба энэ түмэн өнгө, үзэмж нь Лалын уламжлалт уран барилгын донж маяг, алжаал тайлан сэрүүцүүлэх янз бүрийн хэлбэртэй усан сан, суваг, оргилуурууд, өргөн чөлөө, шатрын хөлөг мэт өвөрмөц журамласан зохион байгуулалттай хослохоор ер бусын орчинг бий болгоно.
Эртний дэлхийн долоон гайхамшгийн нэг гэгдэх, өдгөө зөвхөн үлгэр домогт л үлдсэн Серафимидийн дүүжин цэцэрлэг чухам ийм уран тансгийн хослол байж чадсан болов уу даа. Өдгөө энэ цэцэрлэгт зочилж, Их Монголчуудын бүтээсэн тэрхүү гайхамшгаар аялах нь хаа газрын аянчин жуулчны нэгэн хүслэн болдог. Перс болон Дундад азийнхны уламжлалийг хослуулан баяжуулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн их бага янз бүртэй Энэтхэгийн бараг бүх хот, мужид таарах боломжтой ба томоохноос нь дурдвал Таж Махалын Шар Баг, Лахорийн Шалимар, мөн Дели ба Кашмирийн цэцэрлэгт хүрээлэнгүүд гэнэ. Тэднээс хамгийн алдартай нь Харьяана дахь Пинжорийн цэцэрлэгт хүрээлэн ажээ.

Их Монголын хооллох соёл /Mughal cuisine/
Өмнөд Азийнхний хооллох соёл, гал тогоо нь Их Монголын эзэн хаадын ордны гал тогооны баян тансаг нөлөөгөөр ихэд хөгжсөн гэж үздэг байна. Үүнд Монголчуудтай хамт нэвтэрсэн Төв азийнхний болон Персийнхний гал тогооны нөлөө хүчтэй тусчээ. Өдгөө Америк болон Европт түгээмэл тархсан Энэтхэг хоолны газруудын ихэнх нь Их Монголын үед хөгжсөн гал тогооны урлаг, уламжлал дээр суурилж байдаг гэнэ. Бид хаа нэгтээ Энэтхэг ресторанд ороод Чикен Тика Масала зооглож суухдаа хэзээ нэгэн цагт Их Монгол хэмээн алдар цуугаа дуурсгаж явсан энэтхэгийн монголчуудын баян тансагийн хэлтэрхийнээс амсаж суугаагаа тэр бүр мэддэггүй билээ.
Хувцас /Mughal clothes/
Их Монголын эрин үед Энэтхэг, Иран болон Төв азийн хувцасны шинж төрхийг хадгалсан өвөрмөц хувцасны хэв загвар гарсан байна.

Түүхэн зүтгэлтнүүд

6000 мянга орчим жилийн өмнөөс эхэлсэн Энэтхэгийн бүхий л үеийн түүхэнд тодорсон хамгийн агуу хаадуудын тоонд Их Монголын Бабаар хийгээд түүний ач хүү Акбар нар зүй ёсоор ордог аж.
Мэдээж хэрэг, цус ихээр урсгасан дайн тулаанууд олон болж байсан ч түүний үр дүнд Энэтхэг орон улам өргөжиж, улам улмаар нэгдмэл нэг цул болж иржээ.
Бабаар хаан Их Монгол гүрэн улсыг үндэслэжээ. Бабаар хаан 10 дахин их хүчтэй эсрэг этгээдээ нэг бус удаа арга тактикаар ялж явсан цэргийн гарамгай стратегич, удирдагч хүн байсан төдийгүй өөрөө ер бусын хүч чадалтай, гоо сайхан дүр төрхтэй, чамгүй сайн яруу найрагч, зураач хүн байжээ.
Түүний хүү Хумаан шинжлэхүй ухааныг ихэд тэтгэн хөгжүүлсэн, гүн ухаантан, одон оронч, математикч, бас маш сайн зураач байсан бол гуравдахь хаан Акбар улсын газар нутгийг өргөтгөн, шинэ гvрний улс төрийн тогтолцоог бүрдүүлж, шашны тэгш эрхийг зарлан тунхаглажээ. Акбар хааны цэцэн мэргэн ухаан, баатар зоригийн тухай олон домог бий. Жахангир хааны үед төрт улс бүрэн төлөвшиж, анх удаа өрнөдтэй холбоо тогтоон, наймаа худалдаа эхлүүлж, Шах Жахаан хааны үед Таж Махал, Жама Масжид, Улаан Цайз, Жахангирийн бунхан, Шалимар цэцэрлэг зэрэг дэлхийн энгээр гайхуулсан үлэмж олон гайхамшигууд бүтээгдэж, урлаг соёл цэцэглэн хөгжжээ. Аюургибез хаан газар нутгийг улам өргөтгөн, өрнийн түрэмгийлэгчдэд цохилт өгч, улс гүрний гадаад худалдааг улам нээлттэй болгожээ. Гэвч дундад зууны монголын жижиг ноёдын дотоодын хагарал, тэмцэл монгол төрийн хүчийг сулдаасан шиг, дээрх 6 хааны дараачаас Их Монголын төр дотоодын хагарал, зөрчилд идэгдэж, хүч чадал нь сульдсаар, Их Монголуудын нөлөө буурч, нутгийн уугуул язгууртнуудын эрх мэдэл хүчээ авч, улмаар өрнөдийн орнуудын колонийн түрэмгийллийн өмнө хүчин мөхөсдөхөд хүрч, гэлээ гэхдээ л 1837 онд Монголын сүүлчийн хаан англичуудад Энэтхэг орныг юутай ч бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байна.
Харамсалтай нь өнөөдөр Энэтхэг оронд Их Монголын удмын хүн нэн ховор болсон аж.

1840-өөд оноос хойш болсон английн түрэмгийлэл, шашны болон бүс нутгууд, бүлэг ангиудын олон мөргөлдөөн, бусад зөрчлүүдэд уугуул оршин суугчдаас 100 дахин цөөн байсан Монголууд ихэд нэрвэгдэн, зарим үед бүр тэдний эсрэг ав хомрог, геноцит маягын ч юм болж байжээ. Уг нь тэд нийгмийн хамгийн элитүүд, баян тансаг дээд хэсгийнхэн байж. Сүүлчийн Монгол хаан Бахадур (Баатар) Шах Зафарыг Англичууд 1857 онд Хумаан хааны бунханаас баривчилж, өнөөгийн Бирмийн Рангүүнд тусгай хатуу харуул хамгаалалтын дор 1862 онд нас барах хүртэл нь хорьсон ба түүний бүх хүүхдүүд хийгээд өч төчнөөн үр ачийг нь буудаж алжээ. Ач нараас нь амьд үлдсэн дөрвийн үр удмаас зарим нэг нь Калькута, Бенгал орчимд байдаг бололтой.
Энэ мэтээр хэлмэгдэж шахагдсан монголчуудын тоо XVIII хоёрдугаар хагасаас өнгөрсөн зууны хагаст хүртлэх 100 орчим жилийн дотор гурав дахин хорогдож, 100 мянга хүрэхтэй үгүйтэй болоод, нөхцөл тун хүнд байтал тэнгэр ивээж, лалын шашинт Пакистан улс 1947 онд тусгаарлахад, монголчуудын олонхи нь тийш дүрвэжээ. Мөн Америк болон бусад орнууд руу цагаачилсан нь нэлээд байдаг гэнэ.
Пакистаны өмнөд нутгийн Ахмед хэмээх залуутай Делид богино зуур уулзаж, танилцсан бөгөөд бүхий л талаараа араб, түрэг төрхтэй тэрбээр өөрийгөө монгол гарвалтай гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байсан юм. Царай төрх ч яахав, энэ олон жилийн туршид холилдож сүлэлдсээр өөрчлөгдсөн байж болох талтай. Харин түүний төрсөн нутагт шинэ хувцас өмссөн нэгнийхээ хойт, урд хормойноос нь татаж, алт мөнгө арвин, аз жаргал дүүрэн байг гэсэн утгаар ерөөл өргөдөг заншил байдаг нь бидний багад шинэ дээл өмсөхөөр, эмээ нар голдуу хойно, урд хормойноос дугтран “Хойт хормойноос нь хонь хурга, урд хормойноос нь унага даага” хэмээн ерөөдөг байсантай тун адилхан санагдаж байв. Ер нь хүний зүс царай, хэл ярианаас илүү амь бөхтэй удаан тэсэж үлддэг зүйл бол яах аргагүй ардын ёс заншил билээ. Мөн Ахмедийн дотнын нэг найзыг Батхаан гэдэг гэнэ. Энэ нэр бол бидний дээд өвөг Чингис хааны ач хүүгийн нэр юм хэмээн Ахмед тайлбарлаж байсан.
Дели дэх Хумаан хааны бунханыг үзэж яваад Сангх Исраам хэмээх нэгэн энэтхэг өвгөнтэй тааралдсан юм. Тэрбээр, зав чөлөөтэй үедээ тэнд юм уу, эсвэл Улаанцайзад (Red Fort) очиж, жуулчдад сайн дураараа Их Монголчуудын түүхийг ярьж танилцуулж, хөтөч хийж явдаг аж. Уул нь архитекторч боловч түүх, ялангуяа Энэтхэг дэх Их Монголын хийгээд Монгол улсын түүхийг сайтар мэддэг өвгөн байв. Монгол хүнтэй уулзсандаа баярласан өвгөн надад олон зүйлийг хөөрснөөс Энэтхэг дэх сүүлийн Монголчуудын хувь заяаны талаар ихэд харамссан өнгөөр ийнхүү ярьж байж билээ.
Тэрбээр “Өдгөө Энэтхэгийн баруун хэсэгт байх Гужарат мужид 10 орчим монгол гэр бүл байгаа байх. Би 1970-аад онд тэдэнтэй уулзаж байсан. Амьдрал ахуй нь маш сайн байсан. Царай төрхийн хувьд биднээс ялимгүй өөр л дөө, түрэгжүү төрхтэй. Одоо өөр газраас монголын удмыг олоход тун хэцүү болов уу. Кашмир болоод Бенгал орчимд ганц нэг гэр бүл байж магадгүй юм. Гэвч тэд одоо уусаад, удам угсаагаа ч мэдэхээ больж буй байх” гэсэн юм.
Ер нь өдгөө энэтхэгийн монголчууд дэлхийн нэлээд олон оронд ихэд тарсан хийгээд уг гарвалаасаа хөндийрч, уусч холилдсон нь ихэнх тул нарийн тоог гаргахад хүндрэлтэй ажээ.

About these ads